1. Кохиноор

Очир эрдэнэ буюу бриллиант, алмаазыг үнэт чулууны хаан хэмээн нэрлэдэг билээ. Энэ чулуу нь хамгийн хатуу, хамгийн ховор, хамгийн үнэтэй. Очир эрдэнэсийн тухай сайн, муу олон түүхийг хүн төрөлхтөн өгүүлж чадна. Хамгийн анхны очир алмаазыг Манай Эрний Өмнөх дөрвөн мянган жилийн тэртээ Энэтхэгээс олсон гэх. Дэлхийд алдартай очир эрдэнэс бүхэн өөрийн гэсэн түүх, өөрийн гэсэн нууцтай билээ. “Кох-и-Нор” Энэхүү очир эрдэнийг XVIII зууны эхээр “Гэрлэн уул” хэмээн нэрлэжээ. Британийн хааны титмийн хамгийн том нь биш ч өөрийн түүхээрээ бүх цаг үеийн хамгийн их түүх домог бүхий чулуу нь юм. Лондоны Тауэред энэ очир эрдэнийг хуягласан шилэн дотор хадгалдаг аж. Энэтхэгээс гаралтай энэ үнэт эрдэнэсийг анх Ямуна голын эргээс дөнгөж төрсөн нэгэн нялх хөвгүүний хамт олсон гэдэг. Хөвгүүний духан дээрх очир эрдэнэ үзэсгэлэнтэйгээр гялалзан байсан нь “Кох-и-Нор” байж. Заан хариулагчийн охин нялх хүүг анх олоод ордонд хүргэж өгсөн байна. Энэ хүү хэнтэй ч адилгүй бөгөөд “Нар” бурханы хүү байсан гэдэг. Харин очир эрдэнийн цэвэр жин нь 600 карат байсан бөгөөд Шивы бурханы барималд гурав дахь нүд болгон суулгажээ. Энэ очир эрдэнийн тухай хамгийн анх 1304 онд бичиж үлдээсэн байх бөгөөд раджа Мальвыд харьяалагддаг байж. Дараа нь бүх л хоёр мянганы туршид хэний мэдэлд байсан нь тодорхойгүй байдаг. Зөвхөн 1526 онд түүнийг Их Моголын хаант улсыг үндэслэгч Бабурын эрдэнэсийн сангаас олж авчээ. Моголын хаадууд хоёр зуун жил хадгалсан бөгөөд 1739 онд Персийн хаан Надир –Шах Делийг байлдан дагуулах үедээ түүнийг булаан авчээ.Харин 1747 онд шахыг алуулсны дараа түүний өв залгамжлагч хүү нь эрүү шүүлтийг даалгүй нас барсан байна. Түүнээс хойш “ Кох-и-Нор” хэмээх энэ очир эрдэнэ олон эзний гар дамжсаар хамгийн сүүлд 1849 онд афганчуудын гараас англичууд хулгайлан авсан байна. Ост- Индийн компанийг үүсгэн байгуулсны 250 жилийн ойгоор Виктория хатан хаанд гардуулахаар Лондонгийн “Медеи” усан онгоцны буудалд өндөр харуул хамгаалалтын доор авчирсан гэдэг. 1851 онд түүнийг Болор ордонд олны нүдэн дээр хатан хаанд гардуулан өгчээ. Гэтэл энэтхэгийн домогт алмаазаас илүү бүүдгэр өнгөтэй байсан гэнэ. Хатан хаан Амстердамаас очир эрдэнэ засагч мэргэжилтнүүдийг урьж авчиран “Гэрлэн уулыг” засуулжээ. Түүний дараа жин нь 1008,93 карат болтлоо багассан гэнэ.

2. Эврика

Энэ очир эрдэнэсийг анх 1866 онд Өмнөд Африкаас олжээ. Түүний анхны жин нь 21,25 карат, харин хожим нь багассаар 10,73 карат болжээ. Энэ очир эрдэнийн тухай домогт өгүүлэхдээ, Эразм Якобс нэртэй нэгэн хүү Хоуптаун хотын захын Улбар шар голын эрэгт байдаг Де Калк ферм дээрээ гэр бүлийн хамт амьдардаг байжээ. Жаал хүү мал угаахад хэрэглэдэг саваа модыг голын эргээс хайж байгаад хайр чулуун дунд гялалзсан чулуу байхыг олж харжээ. Үнэхээр нүд татам үзэсгэлэнтэй чулуу байсан тул фермдээ авчирч эгч Луизадаа бэлэглэжээ. Ингэж Өмнөд Африкаас анхны очир алмааз олдсон түүхтэй бөгөөд хожим нь “Эврика” хэмээн нэрлэсэн байна. Капский мужийн захирагч 21,25 карат жинтэй эрдэнийн чулууг Лондонд хүргүүлж, 1868 оны Парижийн Бүх нийтийн үзэсгэлэн яармагт үзүүлжээ. Якобсын гэр бүл жирийн чулуу үнэгүй гэж хэлээд мөнгө авахаас татгалзсан гэдэг.

3. Санси

«Санси» хэмээх очир эрдэнийн чулууны түүх маш бүрхэг. Учир нь хоёр түүнээс ч олон чулууны түүхтэй хутгалдаж аль нь үнэн бодит эсэх нь мэдэгдэхгүй болжээ. Энэ эрдэнэс нь бүйлс жимсний хэлбэртэй хоёр талдаа жижиг жижиг талсттай. Магадгүй энэ чулуу нь 1570 онд Константинополийн Оттоманы ордонд Францын элчин сайдаар сууж байсан де Сансигийнх байж магадгүй гэнэ. Тэрээр Гэгээн Яковын ордонд элчингээр суух үедээ хатан хаан Елизаветад худалдсан гэдэг. Хожим нь 1695 онд зуун жилийн дараа түүнийг Францын хаан Людовик XIV- т 625 мянган франк буюу одоогийн ханшаар 25 мянган фунтээр худалджээ. Харин 1791 онд «Санси» -гийн үнэ дариу хоёр дахин өссөн байсан ч 1792 оны наймдугаар сарын 17-ны өдөр хулгайд алдагдсан байна. Түүний жин 533 карат байж. Харин одоо түүний хэмжээ 60,40 карат болтлоо багассан гэдэг. "Өмнөд Африкийн од" 1869 онд Өмнөд Африкийн Хоуптаун хотод Боуи нэртэй нэгэн малчин 83,50 каратын жинтэй цэвэр очир алмааз олжээ. Тэр олсон чулуугаа түүнээс холгүй байсан Шалка Ван Найкеркын фермд авчирч. Фермийн эзэн түүнд 500 хонь, 10 үхэр, морио өгөхөөр амлажээ. Энэ очир эрдэнэ олдсоноор мянга мянган адал явдал хайгчдын дайралтад өртсөн гэх. Боүи малчны очир эрдэнийг “ Өмнөд Африкийн од” хэмээн нэрлэсэн бөгөөд засч янзалсны дараа 47,75 карат жинтэй болсон байна. 1974 онд түүнийг ”Кристис” дуудлага худалдаагаар оруулж 552 мянган ам. доллараар зарсан бөгөөд одоо Женевт байдаг аж.

4. Куллинан

"Куллинан" 1904 онд Томас Куллинан Өмнөд Африкийн Трансвааль мужид уурхай нээжээ. Гэтэл нэг жилийн дараа буюу 1905 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 17 цагт түүний ажилчин дэлхийд хамгийн томд тооцогдох очир эрдэнийг олсон байна. Түүний урт нь 11 см, өргөн нь 5см харин өндөр нь 6 см, 621,20 грамм жинтэй байж. (3106 карат). Томас Куллинан энэ шидэт эрдэнэсээ өөрийн нэрээр нэрлэж, Засгийн газартаа худалджээ. Тухайн үеийн ханшаар 150 мянган ам.доллараар үнэлэгдсэн байна. Үнэндээ бол энэ очир эрдэнэс нь тухайн үеийн ханшаар бодоход 8 сая фунтээр үнэлэгдэх бөгөөд энэ нь 94 тонн алттай тэнцэх үнэ юм. Трансваалийн удирдлага түүнийг английн хаан Эдуарду VII-гийн төрсөн өдрөөр баяр ёслолын байдалтай гардуулан өгөх шийдвэр гаргажээ. Очир эрдэнийг тусгай усан онгоцоор, бүх л бүтэн арми шахуу цэргээр хамгаалуулан авчирсан гэх ч энэ нь дээрэмдлэгээс сэргийлсэн хуурамч жүжиг байсан гэх. Жинхэнэ очир эрдэнэ нь Англид жирийн шуудангийн цаасан хайрцгаар ирсэн байна. Английн хаан эхэндээ энэ бэлгийг огт үнэлээгүй бөгөөд жирийн л тунгалаг шилэнцэр байна хэмээн үл ойшоожээ. 1908 онд “Куллинан”-ыг алдартай чулуу засагч ах дүү Асскорыг урьж хийлгэхээр болжээ. Чулууг бутлахаас өмнө Йозеф Асскор бараг хагас жил бэлтгэл хийсэн гэх. Гэсэн ч нэг цохилтоор бутлах ёстой тэр агшинд Асскор зүрх алдан, өөрийн шавиараа хийлгэжээ. Шавийгаа чулууг бутлах үед тэрээр хэт догдолсноос болж ухаан алдан унасан ч шавь нь алдалгүй цохиж хувааж чадсан байна. Хуваасны дараа ер бусын тунгалаг хоёр том, долоон дунд зэрэг, 96 жижиг хэсэгт хуваагдсаныг дөрвөн жилийн туршид засч дуусгажээ. Хамгийн томыг нь лийр хэлбэртэй зассан нь 530,20 карат жинтэй болсон бөгөөд "Куллинан I" буюу "Африкийн том од” хэмээн нэрлэсэн байна. Өнөөдөр энэ нь дэлхийн хамгийн том очир алмааз бөгөөд Их Британийн хааны очирт таягийг чимэглэсэн байна. Харин 317,4 карат жинтэй, хоёр дахь том чулууг “Куллинан II” хэмээн нэрлэсэн бөгөөд британийн хааны титмийг чимэглэжээ. Харин бүр жижиг чулуунуудыг “Афоикийн жижиг однууд” хэмээн нэрлэсэн бөгөөд тэдгээрийг парламенттайгаа зөвлөлдсөнөөр Уэльсын гүнж, ирээдүйн хатан хаан Марийд бэлэглэхээр шийдвэр гаргажээ. Энэхүү чулуунуудыг гүнжид гурван жилийн өмнө засаагүй "Куллинан" –ыг Эдуард VII –д бэлэглэж байсан яг тэр газар Мальборо Хауст гардуулан өгсөн гэдэг.


website by zulaa